DECISION TO LEAVE ГЭЖ ЯМАРХУУ КИНО БАЙСАН БОЛ?
Эгэл жирийн нэгэн найруулагч… Гэхдээ түүнийг бүтээлүүд эгэл жирийн биш.
Эдгээрийг харж байна уу? Эдгээр этгээд бүтээлүүд эгэл жирийн харагддаг түүнээс гарч байна гэхээр зүгээр л итгэж өгөхгүй юм. Та бүхэн Park Chan Wook найруулагчийн өчнөөн олон сор бүтээлүүдээс үзэж байсан л байх. Тэрээр амьдрал дээр өшөө авч үзээгүй мөртлөө өшөө авалтын хаан гэх цолыг хүртээчихмээр бүтээлүүдийг бидэнд бэлэглэжээ.
Хайр гэдэг асар өргөн хүрээний сэдвээр Пак Чан Вүүк найруулагч кино хийнэ гэхээр тэр эгэл жирийн хайрын романс кино гарна гэж байх уу? Ихэнх романс төрлийн бүтээлүүд дээр хосууд үнэхээрийн романтик харагддаг. Харин энэхүү бүтээл дээр бараг л романс гарахгүй дээ.
Өнөөдрийн дугаарт танилцуулах кино бол Decision to Leave буюу Салах шийдвэр юм.
Угаасаа спойлертой гэдгийг мэдэж байгаагаас хойш та бүхэн киногоо үзчихээд орж ирнэ үү эсвэл шууд эндээс үзэх үү гэдгээ өөрсдөө л шийддээ.
Киноны хамгийн чухал хэсэг нь хамгийн уйтгартай нь байдаг. Яг л юу ч өрнөхгүй байгаа юм шиг мэдрэгддэг хэрнээ хамгийн чухал хэсэг нь байдаг. Яг л уг кинон дээр гарч байгаа сүшиний хайрцаг шиг. Пак Чан Вүүк найруулагчийн бүтээл гэхээр танд хамгийн түрүүнд ямар зураглал орж ирдэг вэ? Гэхдээ яг үнэндээ Пак найруулагчийг хамгийн их тодорхойлох зүйлүүд нь киноны хамгийн уйтгартай хэсгүүд дээр л оршдог. Яг л миний өмнө нь дурдсан сүшиний хайрцаг шиг… хүмүүсийн хоорондын харилцан яриа, харц, түр зогсолт энэ бүх чухал биш мэт мэдрэгддэг зүйлс Пак найруулагчийн киноны хамгийн чухал хэсгүүдийн нэг байсаар л ирсэн. Decision to Leave кино мөн л түүний уйтгартай юм шиг хэрнээ хамгийн их санааг өөртөө нуусан кинонуудын нэг болсон бүтээл.
Энэ залуу бол Хэ Жүн, тэрээр мөрдөгч, нойрны асуудалтай, өөрийн эхнэрээсээ ажлаасаа болоод тусдаа амьдардаг. Эхнэр нь үргэлж түүнийг амьдардаг хотод нь нүүж ирэхийг шалдаг байсан ч тэрээр ажлаа 1 номер гэж боддог болоод ч тэр үү? Эсвэл хайргүйгийнх ч юм уу? Ердөөсөө нүүдэггүй. Тэрээр өөрийн хамтрагчтайгаа нэгэн уулан дээр ирсэн ба тэр уулнаас нэгэн эр унаж, амь насаа алджээ. Ийнхүү цогцосыг шүүх, шинжилгээний газар авчраснаар нас барсан эрийн залуухан гэргий болох Со Рэ гэгч бүсгүй хаалгаар орж ирэх нь тэр. Хятад гаралтай, настангуудад санаа тавьдаг ажил эрхэлдэг бүсгүй. Со Рэ энд нөхрийнхөө гэнэтийн үхэлд сэжиглэгдэн суугаа нь энэ билээ.
Ихэнх кинонууд харилцан яриа болон дүрүүдийн үйл хөдлөлөөр дамжуулан үзэгчдэд мэдээллийг хэтрүүлэн дамжуулдаг. Энэ нь хүмүүсийн бэлэнчлэх сэтгэлгээг улам нэмж өгдөг. Харин Пак найруулагч үүнийг сайн мэддэг нэгэн гэлтэй.
Со Рэ-н гаран дээр шалбархай байсан ба түүний дээрээс шархны наалт наасан байсан нь мөрдөгчид хачирхалтай санагдаж түүнийг байцааж байгаа билээ. Тэд байцалтын дундуур сүши захиалан идэх үзэгдэл гарна. Энэхүү үзэгдлээс мөрдөгч тус бүсгүйд татагдаж байгааг төвөггүйхэн харж болохоор байв.
Харин энэхүү хэсэг дээрх сүшиний хайрцгийг яагаад ийнхүү тодоор харуулна вэ? Яагаад зүгээр сүшиний хайрцаг тийм гоёмсог байна вэ? Сүшиний хайрцаг тэр 2 хүний хувь заяаг харсан уу гэлтэй. Та бүхэн сайн харах юм бол тэрхүү гоёмсог сүшиний саван дээр далай, жаргах нарны туяа харагдана. Савны дээд талд 2 загасны хэлбэртэй савтай соё соус харагдана. Энэ хэсэг тийм чухал байсан юм уу гэвэл ТИЙМ ЭЭ ЧУХАЛ БАЙСАН. Кино далайн эрэг дээр дуусдаг шүү дээ. Энийг л эртнээс хүмүүст харуулах гэсэн бололтой. Яг адилхан нэг газарт, адилхан хүмүүс гэдгийг энэхүү 2 загасаар, далай нь харин тэдний хамгийн сүүлд очсон газар.
Дараачаар нь тэд ширээгээ цэвэрлэж буй хэсэг гардаг. Гэхдээ энэхүү хэсэг дээр тэдний нүүр ердөөсөө ч гардаггүй. Тэд яг л эхнэр нөхөр шиг харагдах нь үнэхээр дулаан мэдрэмж төрүүлэм. Яг л бие биеэндээ уусан шингэсэн хосууд мэт ширээгээ цэвэрлэж байгаа нь үнэхээр романтик санагдаж байв. Найруулагч зүгээр л ширээ цэвэрлэж байгаа үзэгдлийг тийм романтик болгож чадсан нь үнэхээр гайхалтай.
Мөрдөгч хэдий бүсгүйд татагдаад байгаагаа мэдэрч байгаа ч ажил нь учир бүсгүйг байрных нь гадна, ажлаа хийж байхад нь гэх мэтээр даган, мөрдөж байв. Тийнхүү Со Рэ-г мөрдөгч нөхрийг нь нас барсан өдөр настантай хамтдаа байсан эсэхийг лавлан асуутал, яг тухайн мөчид түүнтэй хамтдаа байсан болж таардаг. Түүнчлэн хяналтын камерын бичлэг хүртэл олддог. Мөрдөгч түүний өмнөх түүхүүдийн талаар судалдаг ба тэрээр хятад гаралтай байсан. Төрсөн ээжийгээ өвчинтэйгээ тэмцэж байгааг нь хараад фентанил хэмээх хор өгч хөнөөсөн байдаг. Ээж нь нас барахаасаа өмнө солонгос улс руу явж чандарыг нь цацахыг хүссэн байсан. Тийнхүү Со Рэ нас барсан нөхрийнхөө амиа хорлосон гэх бичгийг Хэ Жүн мөрдөгчид өгдөг. Хэ Жүн ерөнхийдөө Со Рэ-д аль хэдийн сэтгэл алдарсан тул итгээд амиа хорлолт хэмээн бүртгэж, хэргийг бүр мөсөн хаасан ч Хэ Жүний хамтрагч Сү Вон ердөөсөө ч үүнд итгэддэггүй.
Ингээд хэрэг хаагдсан тул эхнэртэй мөрдөгч Хэ Жүн, бэлэвсэрч хоцорсон Со Рэ нар уулзаж эхэлнэ. Улам, улам дотно болсоор. Мөрдөгчийн гэрт Со Рэ зочлох үеэр нэгэн хөшигний ард нуусан шийдэгдээгүй хэргүүдийн зургийн цуглуулга харагдана. Тэр дунд Со Рэгийн нас барсан нөхрийн зураг ч мөн хадаастай байх нь тэр. Өмнө нь дурдсанчлан мөрдөгч ажилдаа хэт хянамгай ханддаг учир шийдэгдээгүй хэргүүдээсээ шалтгаалаад нойргүйддэг болсон. Со Рэ нэгэн өдөр мөрдөгчийн гэрт нь зочлон хөшигний ард байсан хэргүүдийн зургуудыг хуулж аван, шатааж эхлэв. Эхэндээ мөрдөгч эсэргүүцэж байсан ч зогсоохоор оролдоогүй.
Тэд хамтдаа нилээдгүй цагийг өнгөрөөдөг болжээ. Хамтдаа сүм дуганаар яван, нэг нэгнийхээ гэрт зочлоно. Сүм дуганаар явж байгаа хэсэгт Хэ Жүн халаасыг Со Рэ анзаардаг. Тэрээр авсан хувцас бүртээ нэмэлтээр халаас хийлгэдэг хэмээн Со Рэ-д хэлдэг. Гэхдээ гаднаас нь хальт харсан хүнд бол мөрдөгч юм чинь буу, гав гэх мэт зүйлс авч явдаг байх хэмээн бодуулахаар байсан ч хамгийн инээдтэй нь түүний халаасанд уруулын бальзам, гарын нойтон алчуур гэх мэт хүнд хэрэгтэй болж болохоор зүйлс гарч ирдэг. Энэ нь Хэ Жүнийг амьдралд гарч ирэх бүх зүйлсд бэлтгэлтэй байдаг байдлыг нь илтгэж байгаа юу гэлтэй. Түүнчлэн найруулагчийн хэлж буйгаар Хэ Жүнийг эргэн тойрныхоо хүмүүсийг сайтар ойлгодог, өгөөмөр хүн гэдгийг үүгээрээ дамжуулан илэрхийлж буй нь энэ хэмээн хэлсэн байдаг.
Нэгэн өдөр мөрдөгч Со Рэгийн асардаг настангийн гэрт нь очив. Хэ Жүн тэгэхэд Со Рэ болон настан хоёрын утасны загвар ижилхэн байгааг анзаарлаа. Тэрхүү настан алхаж чаддаггүй ба сэтгэцийн олдмол өвчтэй. Гэтэл Со Рэгийн нөхөр нас бардаг өдөр утасны алхалт хэмждэг апплекэйшн дээр тухайн өдөр 138 ширхэг шат руу авирсантай тэнцэхүйц алхам хийсэн хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Хэ Жүн Со Рэг тухайн өдөр настантай гар утсаа солин, нөхрөө хөнөөхөөр явсан байж магадгүй хэмээн сэжиглэж эхлэх нь тэр ээ. Ер нь бага багаар Хэ Жүн Со Рэг алуурчин нь байсан гэдгийг нь мэднэ. Тийнхүү өөрийнх нь бахархалыг үгүй хийсэн хэмээн буруутгаж байсан ч гэсэн ч мөрдөгч Со Рэгийн нөхрийг амиа хорлосон гэх дүгнэлтийг хэвээр үлдээхээр шийддэг. Хэ Жүн Со Рэг утсаа хол аваачиж хаяхыг давхар сануулаад, тэр хоёрын харилцаа өндөрлөв.
13 сар нүд ирмэхийн зуурт л өнгөрөх шиг болж, Хэ Жүн эхнэрийнхээ амьдардаг хотод нүүн, ирсэн байв. Тэд хамтдаа цагийг сайхан өнгөрөөж байлаа. Нэгэн өдөр зах дээр эхнэртэйгээ явж байгаад хэдхэн сарын өмнө хайрлаж байсан эмэгтэй нь өөр залуутай явж байхыг мөрдөгч олж харав. Тэгээд тэд харц тулгаран, хоорондоо ярилцав. Со Рэ нөхөртэй болсон ба тэрхүү нөхөр нь өөрийгөө хөрөнгө оруулагч гээд их л бардамнаж байгаа нь харагддаг.
Маргааш өглөө нь Хэ Жүн мөрдөгч хүн амины хэрэг болсон газар ирдэг. Гэтэл нас барсан иргэн өчигдөр таарсан Со Рэгийн шинэ нөхөр байв. Хэ Жүн Со Рэг энэ бүхнийг хийсэн гэдэгт итгэлтэй байв. Учир нь тэрээр мөн өмнөх нөхрөө ч гэсэн хөнөөсөн шүү дээ. Мөрдөн байцаалтын үеэр Со Рэ зөвхөн усан сан дахь цусыг л цэвэрлэсэн болох нь тогтоогдсон. Гэхдээ яагаад? Со Рэ үнэхээр л Хэ Жүн-д хайртай байсан бололтой. Хэ Жүн өмнө нь шийдэгдээгүй хэргүүдээсээ болоод шөнө унтаж чадахгүй нойргүйддэг байсан. Тиймээс л ядаж цусыг нь харуулахгүй байя хэмээн шийдээд Со Рэ цусыг цэвэрлэсэн байдаг. Харин нөхрийг нь хэн хөнөөсөн бэ? Хятадын цагаац Чеол Сон түүний нөхрийг санамсаргүй байдлаар хөнөөсөн байв.
Хэ Жүн Со Рэ 2 уулан дээр ээжийнхээ чандарыг цацаж, салдаг. Хэ Жүн Со Рэг алсан байх магадлалтай гэж бодож байсан ч бодлынх нь мухарт түүнийг биш байх гэсэн найдлага байсаар л тул мөрдсөөр л байв. Гэтэл далайгаас утас олж, тэрхүү утас Со Рэгийн нөхрийнх нь болж таарлаа. Со Рэ яг ч түүнтэй хайр сэтгэлийн улмаас гэрлээгүй ба Со Рэг өмнөх нөхрийнх хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгч буюу Хэ Жүний түүнд хайртай хэмээн хэлсэн дуу бичлэг нь шинэ нөхрийнх нь утсан дээр байв. Өөрөөр хэлбэл тэр хөрөнгө оруулагч гээд байсан залуу Со Рэг сүрдүүлдэг байсан. Найрууулагчийн Los Angeles Times сэтгүүлд өгсөн ярилцлаган дээр Decision to Leave гэх киног хийсэн зорилго нь хайртай шүү гэх үгийг хэлээгүй хайрын түүх бүтээх байсан хэмээн хэлсэн. Нээрээ л кинон дээр тийм үг гардаггүй ба зүгээр л гол дүрүүдийн үйл хөдлөлийг харахаар бие биедээ хайртай гэдгээ бүрэн дүүрэн илэрхийлээд л байдаг.
Ерөнхийдөө иймэрхүү зүйл болсны дараагаар кино маань төгсөх тийш хандана. Со Рэ далайн эрэг рүү явж байдаг ба түүнийг даган Хэ Жүн ч мөн явна.
The moment you said you loved me, your love is over. The moment your love ends, my love begins.
Чи надад хайртай гэж хэлэх мөчид, чиний хайр дуусдаг. Харин чиний хайр дууссан мөчид, миний хайр эхэлдэг. Гэж хэлдэг хэсэгт үнэхээр Со Рэ Хэ Жүн-д жинхэнээсээ хайртай байж дээ л гэж бодохоор байв. Мөн энэхүү хэсгээс юуг харж болохоор байсан бэ гэвэл зүгээр хайртай гэж хэлэх нь хайр болдоггүй гэдгийг л харуулж байгаа юм.Мөрдөгч өөрийн бахархал, ажил гэх мэт зүйлсээ золиосонд гарган байж Со Рэг хамгаалдаг. Энэ л тэдний хувьд хайртай гэж хэлэхээс илүүтэгээр ХАЙР байж.
Харамсалтай нь тэд дахин уулзаж чадахааргүй сална. Учир нь Со Рэ өөрийгөө удаанаар тамлан, амиа эвгүйтгэсэн, харин Хэ Жүн түүнийг дахиж хэзээ ч харахгүй.
Ерөнхийдөө Со Рэ Хэ Жүний шийдэгдээгүй хэргүүдийнх нэг болохын тулд амиа эвгүйтгэсэн. Далайд булагдвал хэн ч хэзээ ч түүний биеийг олохгүй ба энэ нь шийдэгдээгүй хэрэг болж Хэ Жүний хөшигнийхөө ард нуудаг зургуудын нэг болон үлдэх нь гарцаагүй. Со Рэгийн хайраа илэрхийлэх арга нь арай л харгис байлаа. Тэрээр өөрийгөө Хэ Жүний оюун бодлоос арчуулахыг хүсээгүй нь энэ биз ээ.
Найруулагч киноны төгсгөлийн талаар ийнхүү хэлсэн байдаг. “Би Со Рэг нэг залуугийн кареерийг сүйрүүлэхээс урьдчилан сэргийлж амиа золиослосон мэт ойлгуулахыг хүсээгүй. Харин тэр өөрийнхөө л замаар явсан, амиа хорлох нь түүний ардчилсан, чөлөөт сонголт нь байсан. Би үүнийг л үзэгчдэд ойлгуулахыг хүссэн.” Тэгэхээр Со Рэ Хэ Жүний төлөө бус, өөрийгөө чөлөөтэй болгохын тулд л амиа эвгүйтгэжээ.
Киноны төгсгөл хэсэгт Хэ Жүний хайр дуусч байхад, Со Рэгийн хайр эхэлдэг гэж хэлдэг. Гэхдээ тийм санагдаагүй, тэд бие биенээ хайрласаар л байсан. Харин Со Рэ Хэ Жүнийг салах шийдвэрээ гаргасны дараагаар түүнд үнэхээр хайртай болсон гэдгээ ухаарсан мэт санагдсан.
Уул, далай 2 Хэ Жүн, Со Рэ 2н төлөөлөл үү гэлтэй. Уул бол хэр барагтаа хэлбэрээ өөрчилдөггүй, тухтай, тайван сайхан мэдрэмж төрүүлэм газар. Харин далай хажууд нь ямар ч хэлбэргүй, хэзээ л бол хэзээ хэлбэрээ өөрчилдөг, маш ширүүн. Уул бол Хэ Жүний төлөөлөл, харин далай бол Со Рэ. Тиймээс л Со Рэ далайд дуртай гэж кинон дээр дурдаг байх нь.
Энэхүү кинонд зураг авалт, өнцөг гэх мэт зүйлс маш чухал мэт санагдсан. Со Рэ өөрийгөө булснаар кино төгсдөг шүү дээ. Хамгийн төгсгөлийн хэсэгт далайн түрлэг элсээр Со Рэг булан эцэст нь уул шиг хэлбэртэй дүрсийг бидэнд харуулах болно. Энэ нь Со Рэгийн өөрийнх нь бүтээсэн уул байх болно. Гэхдээ ахин далайн түрлэг ирэхэд тэр уул нуран унаж байгаа нь магадгүй бүх уул тогтвортой сайхан байдаггүй гэдгийг л бидэнд харуулах гэсэн бололтой.
Тэр салахаар шийдэж байхад, бүсгүй хайрлахаар шийдсэн.