Миний хайртай кино “Үзэсгэлэнт яснууд”
Анх 2002 онд Alice Sebold зохиолч The Lovely Bones нэртэй номыг хэвлэн гаргаж байсан. 80-иад оны дунд үе, 90-ээд оны эхэнд хүүхдийн хулгай, хүчирхийлэл үүгээр зогсохгүй амь насанд нь хүрч байсан хэргүүд их гарч байсан үе. Тийм дээ ч энэ ном бодит түүхээс сэдэвлэгдэн бичигдсэн гэхэд болно. Харин 2009 онд Peter Jackson найруулагч уг зохиолыг кино дэлгэцэнд буулгаж олны хүртээл болгов. Найруулагчийг хүмүүс Бөгжний эзэн, Хоббит зэрэг кинонуудаар нь мэддэг. Үзэсгэлэнт яснууд бол миний одоог хүртэл үзэж байсан кинонуудаас хамгийн гоё өнгө тавилт, зураглалтай хайртай кинонуудын минь нэгд зүй ёсоор багтдаг.
Бодит хэргээс сэдэвлэгдсэн гэхээр баримтат кино юм уу гэвэл, үгүй. Хэдий хүүхдийн хулгай, хүчирхийлэл, аллага зэрэг хүнд сэдвийг киноныхоо гол концепт болгож авсан ч яаж хэрхэн хийсэн гэх мэт биш, ийм зүйл тохиолдсоны дараа хохирогч болон түүний ар гэр хэрхэн хүнд үеийг туулж байгааг харуулна. Киноны төгсгөл хавьцаа Харвигийн гарт амиа алдсан хүүхдүүд хэрхэн алуулсныг харуулдаг. “Хамгийн бага нь 6 настай байсан бөгөөд түүнд хүрч үзэх гэж байхад нь хашхирсан учраас хороосон” байдаг. Магадгүй бодит хэргийн хохирогчдын дурсгалд зориулж энэ хэсгийг хийсэн байх.(миний л бодол) Цуврал алуурчин хэзээ ч ханаж цадна гэж байдаггүй. Тэд дахиад л өнөөх мэдрэмжээ авч эхэлбэл өөрийн болгож байж л санаа нь амардаг.
Мөн Харвигийн дүрд тоглосон Стэнли Туччи ярилцлага даа “ Би номоос сэдэвлэсэн, аллага гардаг эсвэл баримтат кинонд дүр бүтээх дургүй. Гэхдээ Питер найруулагчийн явуулсан зохиол үнэхээр гайхалтай байсан тул саналыг нь зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч хурдхан шиг л энэ дүрээс салахыг хүссэн хэмээсэн.
Кино ингэж эхэлдэг. Намайг Салмон гэдэг яг л загас шиг бүтэн нэрийг Сюзи Салмон. 1973 оны 12 сарын 6-нд бусдын гарт амиа алдахдаа би 14 настай байсан. Сюзи санамсаргүйгээр тэр хүний бай болсон юм биш. Алуурчин түүнийг анхнаасаа л ажиглаж түүнд зориулж бүгдийг бэлдэж байсан.Тэр бол маш сэргэлэн цовоо, гярхай нэгэн. Гэхдээ яг энэ үетэй таарч түүний анхаарал өөр зүйлд бүрэн төвлөрчхөөд байв. Шилжиж ирээд удаагүй дээд ангийн залуу Рэй. Царайлаг нүд хөмсөг болсон тэр залуу их чимээгүй хэр нь Сюзиг өөрийг нь нууцаар харж байгааг, өөр рүү нь яаж ширтэж байгааг мэддэг байжээ. Энэ бүгд давхцаж эхэлсэн шигээ хамт л дуусах учиртай юу гэлтэй 12 сарын 6-нд түүн дээр очиж болзоонд урьдаг. Сандрахдаа унагаасан номон завсар нь түүнд зориулж бичсэн шүлгээ сэмээрхэн хавчуулж орхино. Энэ хэсэг их гоё яг л өөрийнхөө өсвөр үе рүү иргээд оччихсон юм шиг мэдрэмж……..
Удалгүй гэрэл шилжиж хүйтэн хөх өнгөрүү шилжиж тас харанхуй болно. Алуурчин хүссэндээ хүржээ. Хүссэн хүсээгүй ийм зүйлтэй нүүр тулсан эцэг эх нь өөр өөр аргаар тэмцдэг. Ээж нь уг нөхцөл байдалтай эвлэрч чадахгүй охиныхоо өрөө рүү ч орж чаддаггүй. Нөхрийнх нь хийж байгаа бүх нь түүнд хэцүү санагдаж минут, секунд тутам охиных нь үхлийг сануулах шиг л болж, эцэст нь гэр бүлээ орхиод явдаг. Юу ч бодохгүй өөрийгөө завгүй байлгахын тулд тэр хотоос хол байх усан үзэмийн талбайд хүнд хүчир ажил хийж түр ч атугай сатаарна. Хүмүүс түүнээс хүүхэд байгаа юу гэж асуухад би тиймээ 2 хүүхэдтэй гэж хариулдаг.
Сюзи дэлхийгээс өөр бусад олон сүнсний хамт нөгөө ертөнц рүү явж байхдаа дутуу үлдээсэн ажил, өшөө хорсол тээж байснаасаа болсон уу, дэлхий диваажин хоёрын голд унадаг. Энд байх хугацаандаа үргэлж гэр бүлийнхнийгээ ажиглаж хамт байсаар ирсэн бөгөөд аав нь алуурчныг дагаж байгаад сэхээнд ортлоо зодуулж, дүү нь өөрийгөө эрсдэл оруулж нотлох барим олж аван хэрэгтнийг барьдаг . Мөн хайртай залуутайгаа эцсийн удаа уулзаж салах ёс хийдэг. Нөхрөө гэмтсэнийг сонсоод ээж нь гэр бүл дээрээ буцаж ирж эцэст нь ээж нь үнэнтэй нүүр тулж охиныхоо өрөөнд орж ээж нь чамд хайртайг чи мэдэж байгаа биздээ охин минь гэж хэлдэг…….. Тиймээ энэ бүх хугацааны турш тэрээр ээжийгээ л хүлээж байсан байдаг.
Нийтлэлийг бэлтгэсэн О.Сансармаа